2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улсын хэмжээнд шилжих тухай” шийдвэр гарсан бөгөөд үүссэн нөхцөл байдлын улмаас уг хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор:
- хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэр, хот хоорондын хүнсний тээвэр;
- шатахуун түгээх;
- эмийн сан, эмнэлэг;
- худаг усан хангамж, нефть, дулаан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станц;
- хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо;
- буяны үйл ажиллагаа
зэргээс бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд өмчийн хэлбэр үл харгалзан улсын хэмжээнд хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор энэ хугацаан дах ажилчдын цалин хөлсийг хэрхэн олгохтой холбоотой асуудал үүсээд байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар Монгол Улсын иргэн хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах үндсэн эрхийг баталгаатай эдэлдэг.
Үүнтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.10-д “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарснаас бусад тохиолдолд Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй буюу хамгийн бага хязгаарласан байх” ёстой гэж хуульчилсан.
Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Короновируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/1241 дугаартай захирамж гаргаж “... аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, ганц бие эцэгт байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгох”-ыг зөвлөсөн бөгөөд энэхүү зөвлөмж хүргүүлэх өдрийн байдлаар улсын хэмжээнд уг захирамжаас өөр хувийн хэвшлийн хуулийн этгээдийн ажилтнуудын цалин хөлсийг хэрхэн шийдвэрлэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарсан шийдвэр байхгүй байна.
Харин Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2.7-д Аж ахуй нэгж, байгууллагад “үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх”-ийг үүрэг болгон хуульчилсан.
Иймээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн ажилчдад цахимаар ажиллах боломж олгож, цалин хөлсийг нь хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан хэвийн олгох нь зүйтэй.
Харин цахимаар ажиллах боломжгүй ажлын байранд ажилладаг ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д "Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно" гэж заасны дагуу цалин хөлсийг нь олгох шаардлагатай.
Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд нь дор дурдсан үүргүүдийг хүлээж байгаа тул хуульд заасан үүргээ биелүүлэхтэй холбоотой шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:
- гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх[1];
- гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх[2];
- эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэрийн дагуу ажлын тусгай горимд шилжин ажиллах[3];
- эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;
- цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;
- ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;
- иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;
- хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;
- хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх;
- гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх;
- цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг болон эрсдэлт бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах.