Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, түүний сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор УИХ-аас 2020 оны 04 сарын 29-ны өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.
2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус хуульд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсаны нэг нь банкны хадгаламжийн хүүтэй холбоотой байсан бөгөөд дараах өөрчлөлт орсон.
2020 оны 04 сарын 29-ны өдөр батлагдсан хуулийн заалт | 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт өөрчлөлт |
10.4.Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ. | 10.4.Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно. |
Төв банкнаас хийсэн судалгаагаар банкны бусдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хүү нь зээлийн хүүний 65 орчим хувийг бүрдүүлдэг тул цар тахлын үед эдийн засаг хямарсан хугацаанд банкны эх үүсвэрийн зардлыг бууруулж, улмаар зээлийн хүүг бууруулах зорилгоор дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.
Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Банк Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно” гэж хадгаламжид хүү төлөх эсэх нь банкны эрх байхаар хуульчлагдсан.
Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлд “Мөнгөн хадгаламж хүүтэй байна” гэж хуульчилсан бөгөөд хэрэв банк буюу хадгалагчийн зүгээс “хугацаагүй мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг өөрчлөх тохиолдолд энэ тухай нийтэд мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа тодорхой бус хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнд тооцно. Хэрэв хадгалуулагч энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй бол гэрээг цуцалж болно” гэж заасан.
Иймээс хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх хуулийн зохицуулалт нь төрийн эрх барих дээд байгууллагаас онцгой нөхцөл байдалд, түр хугацаагаар хэрэгжүүлж буй арга хэмжээ бөгөөд холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй байна.
Учир нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үйлчилнэ.
Түүнчлэн арилжааны банкууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд болохын хувьд батлагдсан хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Иймээс иргэд дээрх хуулийн заалт батлагдахаас өмнө хугацаагүй хадгаламжаа нээлгэсэн байснаас үл хамааран Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж дуусах хүртэл буюу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагүй хадгаламжаасаа хүү авах боломжгүй бөгөөд харин банктай байгуулсан хадгаламжийн гэрээгээ цуцлах эрхтэй байна.
Image from https://unsplash.com/photos/eBWzFKahEaU