• 70110425
  • info@mongolianlawyer.mn

"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬТ ЁСНЫ УЛАМЖЛАЛ"


  • Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд “Монголын ард түмэн бид ... төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн...” гэсэн эрхэм зорилгод хүрэхэд өөрсдийн Үндсэн хуульт ёсны хөгжлийн явц, үр дүн, үнэт зүйлсийг судлах нь нэн тэргүүний үйл байх болно. Энэ нь зөвхөн хууль зүйн шинжлэх ухааны төдийгүй улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамарсан улс орны хөгжлийн тулгуур үзүүлэлтийг үнэлэхэд ач холбогдолтой. Тиймээс цагаан дээр хараар “Үндсэн хууль” хэмээн бичсэн эх сурвалжийг нэхэн судалсан байна.


    Үндсэн хуульт ёсны өнөөдрийн хүрсэн түвшин бол монголын төрт ёсны болон хууль цаазын түүхэн уламжлал, олон улсын эрх зүйн туршлага, түүнийг нутагшуулахад учирсан бэрхшээлтэй олон асуудлыг хэрхэн даван туулж ирснийг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хүрээнд харьцуулан судалж, нэгтгэн дүгнэсний үр дүн бөгөөд тэдгээрийн залгамж чанар хадгалагдсаар байна. 1950-иад оноос хойшх эрх зүйн тогтолцоо, түүний хөгжлийн асуудлыг судлахад 1949 оны Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалт 1960 оныг хүртэл, эдүгээ ч эрх зүйн үр нөлөөтэй хэвээр байна.

    Монгол Улсад 1949 онд Үндсэн хууль батлагдсан тухай өгүүлэх нь монголын эрх зүйн түүхийн судалгаанд шинэ зүйл мэт боловч түүхэн баримтуудыг шүүн тунгаахад судлаачид нэгэнт мэдсэн эсвэл мэдэж болох байсан сэдэв юм.

    1949 оны Үндсэн хууль нь Х.Чойбалсангийн Үндсэн хууль буюу 1940 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж судлаачид үздэг болохыг энэхүү судалгаандаа дэлгэрэнгүй авч үзлээ. “Түүх бол ямар нэг онцгой шаардлага байхгүй бол ямар нэг гоц гойд юм хийдэггүй” тул 1940 оны Үндсэн хуулийг 1949 онд өөрчлөх, шинэчлэн найруулах бодит шаардлага байсан.

    Тухайн үед ЗХУ-ын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд тулгуурлан хууль бүтээх социалист онол, арга зүйд суурилсан хууль тогтоох үйл ажиллагаа хэрэгжиж байсан хэдий ч үндэсний боловсон хүчний чадавхи бэхжээгүй нь БНМАУ-д хууль тогтоомж, эрх зүйн акт боловсруулахад мөн нөлөөлж байсан бололтой.

    Улс орнуудын хувьд дэлхийн II дайн дууссан, дайны дараах бүтээн байгуулалт ид өрнөж, эдийн засгаа сэргээхэд бүхий л боломжоо ашиглаж байсан 1940- өөд оны эцэст манай улсын гадаад нөхцөл байдал хийгээд улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарт томоохон өөрчлөлтүүд гарсан зэрэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсвэл шинэчлэн батлах бодит шалтгаан болсон юм. Тухайлбал, “... 1938 онд Улаанбаатар-Налайхын нарийн төмөр зам, 1939 онд Соловевск-Баянтүмний өргөн төмөр замыг тавьжээ. 1941-1945 онд 266 км авто зам тавьсан бөгөөд 1947 онд эхэлсэн Наушк-Улаанбаатарын 404 км өргөн төмөр замыг Зөвлөлтийн хөрөнгөөр барьж, 1949 онд ашиглалтанд оруулсан байна”.

    Монгол Улсад 60 гаруй жилийн өмнөөс их сургуулиар эрх зүйчдийг бэлтгэж эхэлсэн, түүнээс сүүлийн 20 гаруй жилд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад бэлтгэх болсон нь үндэсний хуульчдын чадавхийг зохих түвшинд хүргэсэн хэдий ч судлаачид “Монгол Улсад хууль тогтоох онол, арга зүй нь эхлэл төдий байгаа бөгөөд хууль бүтээх онол, арга зүйн тогтолцоо одоогоор төгс бүрдээгүй” гэж үзсээр байна.

    “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” сэдэвт судалгаандаа 1940 оны Үндсэн хуулийн 1949 оны нэмэлт өөрчлөлт гэж үздэг Үндсэн хуульд холбогдох түүхэн баримтуудыг монголын эрх зүйн хөгжлийн ХХ зууны эхэн үеэс 1960 оны Үндсэн хууль хүртэлх хугацаанд улс төр, нийгэм, эдийн засгийн болон дэлхийн дахинд гарсан өөрчлөлттэй харьцуулж, 1949 онд Үндсэн хуулийг уу эсвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан уу гэдгийг судалж, өөр өөрийнхөөрөө дүгнэх боломжийг олгоно.

    1992 оныг хүртэл батлагдсан Үндсэн хуулиудыг хэлбэрийн хувьд социалист маягийн Үндсэн хууль гэх дүгнэлтээс түр зайлсхийн, харин эдгээр хуулийн Монгол Улсад социалист Үндсэн хуульт ёс, хууль зүйн тогтолцооны шинэ хэв маягийг нутагшуулсан туршлага, сургамжийг үнэлэн цэгнэх, тухайн цаг үеийн эрх зүйн ухамсар, соёлын хувьсал өөрчлөлт, өрнөлийг тодруулах нь энэхүү судалгааны зорилго болно. Бид социалист монголын шинэ эрх зүйн соёл, ухамсарыг 70 жилийн хугацаанд хүчээр хуулбарлан нутагшуулж төлөвшүүлсний ул мөр 1992 оны Үндсэн хуулинд үлдсэн гэдгийг судлаачид тооцох учиртай.

    Монголын эрх зүйн уламжлалыг үгүйсгэх, бусдаас хуулбарласан мэтээр өөрсдийн бүтээснийг доромжлон басамжлах, эсхүл бусад улсын сонгодог жишгийг үл ойшоосон мэтээр туйлшрахыг хүлээн зөвшөөрч боломгүй. Хэдийгээр бид социалист эрх зүйн дэглэмд 70 гаруй жил болж хүн төрөлхтний жам ёсны хөгжлөөс гуйвсан хэдий ч энэ үед эрх зүйн сэтгэлгээ, ухамсар соёлын хувьд дэвшил гарсан гэдгийг үгүйсгэж болохгүй.

    1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хууль нь Монголын эрх зүйн түүхийн ялангуяа социалист Үндсэн хуульт ёсны үнэт зүйлсийн төлөвшил, эрх зүйн сэтгэлгээний туршлага, хууль зүйн шинжлэх ухааны ололтын үр дүн төдийгүй эдгээр хуулиас сөрөг сургамж нь шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрдэх үндэс суурь нь болсон гэж үзэх боломжтой. Тиймээс БНМАУ-ын хууль тогтоомжид эрх зүйн шинжилгээ хийх, зарим ач холбогдол бүхий судалгааны үр дүнг харьцуулан шинжилж, дахин үнэлж дүгнэх, ялангуяа 1940 оны Үндсэн хуулинд 1949 онд нэмэлт өөрчлөлт оруулсан эсвэл шинэчлэн баталсан эсэхийг судалж, олны хүртээл болгон судалгааны эргэлтэнд оруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн түүхэнд гажсан, ямар нэгэн шалтаг, шалтгаанаар судлагдаагүй орхигдсон орон зайг нөхөж, түүхийн ой санамжийг сэргээхэд хувь нэмэр болох юм.

    Дэлхийн түүхэнд улс үндэстэн бүр харилцан бие биеэсээ суралцаж, эрх зүйн хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийг үндэсний онцлог, ард түмнийхээ ухамсар, соёлд нийцүүлэн нутагшуулж хэрэглэсээр ирсэн практикаас өөр зүй тогтлыг ажиглах боломжгүйг бидний өнгөрсөн түүх төдийгүй эдүгээгийн эрх зүйн шинэтгэл, хувьсал өөрчлөлтийн явц нотлон харуулна.