-Төрийн банк Эдуард Сүрэнд 51,1 тэрбум төгрөг өгөхгүй гэж шүүхэд хандаад дахин ялагдлаа. Харин үүний хариуд Төрийн банкны удирдлагууд энэ мөнгийг төлөх ёсгүй гэж мэдэгдлээ. Та өмгөөлөгчийн хувьд үүнд тайлбар өгөөч?
-Өчигдрийн Төрийн банкны мэдэгдэл хүмүүст зөв ойлголт өгөх шиг боллоо. Ер нь Төрийн банкнаас мөнгө авах гээд байгаа мэт ойлголтыг нийгэмд тэд өөрсдөө төрүүлсэн. Шүүхийн шийдвэрт “Жаст” групп үүргээ биелүүлэхгүй бол баталгаа гаргасан Төрийн банк хариуцах агуулга бүхий заалт байгаа. Тэгэхээр “Жаст” групп үүргээ биелүүлж чадах эсэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага эхлээд бүрэн тогтоох ёстой. Тэдний ажиллах боломжийг Төрийн банк хангах ёстой. Хөрөнгөтэй хөрөнгөгүйг нь мэдэх учиртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдөр хүртэл эхлээгүй гэж би ойлгож байна. Түүний дараа Ш.Батхүүгийн хөрөнгө болох Хадгаламж банкны активыг шилжүүлэн авсан Төрийн банк мөнгө өгөх эсэх асуудал нь яригдана. “Жаст” групп нь тухайн үед Монголын томоохон компаниудын нэг байсантай хэн ч маргахгүй. “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хөрөнгийг хууль бусаар авсан асуудал ч өнөөдөр яригдаж байгаа.
-Хууль бусаар хөрөнгийг нь авсан гэдгээ тодруулахгүй юу. Ямар хөрөнгөний тухай ярьж байна вэ?
-Ш.Батхүү гэдэг хүний бизнесийн цар хүрээ, тухайн үед бий болгосон хөрөнгө, түүний үнэлгээг би ярих нь зохимжгүй. Өмгөөлөгчийн хувьд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа хүрээндээ ярья гэж бодож байна. Би энэ удаа Хадгаламж банкийг онцолж яримаар байна. Юуны өмнө Хадгаламж банк Ш.Батхүүгийн өмчлөлд шилжиж ирсэн талаар товч дурдах нь зүйтэй байх. Хадгаламж банкийг 2006 онд өмч хувьчлалаар “Чингис хаан банк, Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банк”-уудын консорцуим аваад дараа нь ОХУ-ын Коалка группт зарчихсан байсан. Коалка групп нь Хадгаламж банкийг буцааж зарах сонирхлоо ОХУ-ын Россельхоз банкаар дамжуулан Жаст группт 2008 оны эцсээр ирүүлсэн байдаг. Хадгаламж банкны тухайн үеийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 87 тэрбум төгрөгийн активтай, нийт зээлийн багцын 13,5 хувь нь чанаргүй ангилалд орсон, дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай, ердөө долоон тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан. Гадны эзэмшилд байсан ийм банкийг Монголдоо оруулж ирэх боломжийг ашиглан 2009 оны дөрөвдүгээр сард 39 сая ам.доллараар худалдаж авсан юм байна лээ.
-Маш их хөрөнгө оруулалт хийсэн гэж Ш.Батхүү захирал ярилцлагадаа дурдсан байсан...
-Нэгэнт Монгол Улсынхаа эзэмшилд Хадгаламж гэдэг банкийг оруулаад ирсэн, цааш нь хөгжүүлэх, өргөжүүлэх сонирхол эрмэлзэл байсан. Яг энэ үетэй давхцан Монголшуудан банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Монгол шуудан банкны зүгээс Ш.Батхүүд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах санал тавьсан байна лээ.
Тэр үед Монголшуудан банк Монгол Улсын Хөгжлийн сангаас 16 тэрбум төгрөгийн зээлтэй, иргэд байгууллагын 260 орчим тэрбум төгрөгийн харилцах, хадгаламж эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн байсан. Монголшуудан банкны давуу тал нь орон нутагт өргөн салбар сүлжээтэй байсан нь Монголшуудан банкийг Хадгаламж банкинд нэгтгэх гол хүчин зүйл болсон. Харин Монголшуудан банкинд бий болсон 58 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон Хадгаламж банкинд байсан бусад чанаргүй зээлийг барагдуулах талаар Монголбанктай тохиролцон Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрийг 2011 оноос хамтран хэрэгжүүлж, графикийн дагуу тодорхой хугацааны туршид барагдуулж байсан.
Ш.Батхүү захирал өөрийн бизнесийн урсгал болон зээлийн хөрөнгөөр банкны дүрмийн санд хөрөнгө оруулалт байнга хийж, Хадгаламж банкны дүрмийн санг 84 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг. Банкны хэвийн үйл ажиллагаа цар хүрээг нэмэгдүүлэн 2010-2013 онд банкны өөрийн хөрөнгө болон түүнд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж ирсэн. 2013 он гэхэд Хадгаламж банк нь Монгол Улсын банкны зах зээлд бүрэн танигдаж, үйл ажиллагаа, үйлчилгээний өргөн сүлжээтэй Монгол Улсын томоохон тэргүүлэх банкны нэг болж чадсан. Тухайлбал, 1.1 их наяд төгрөгийн активтай, 503 салбар нэгжтэй, 3300 гаруй ажилтантай, 2,7 сая харилцагчтай, 550 тэрбум орчим төгрөгийн хадгаламжтай, 400 мянга гаруй хадгаламж эзэмшигчтэй болсон байсан.
-Тэгвэл хэвийн үйл ажиллагаатай байсан банкийг яагаад төр мэдэлдээ авах шийдвэр гаргасан юм бэ?
- Гол шалтгаан нь тухайн үед Стандарт банкнаас “Жаст” группийн авсан зээлийн асуудал юм. Тухайн үед Ш.Батхүүгээс авах гол хөрөнгө нь Хадгаламж банк байсан. Миний санаж байгаагаар энэ зээлийг хариуцах эзэн, барагдуулах хөрөнгөний хойноос л төрийн механизм хөдөлж эхэлсэн.
Ш.Батхүүгийн хувьд Хадгаламж банкинд олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэхэд тухайн үед Хадгаламж банк нь 200-300 сая ам.доллараар үнэлэгдэж байсан. Тэрээр банкны хувьцааныхаа тодорхой хувийг бусдад худалдах тохиролцоог хэд хэдэн этгээдтэй хийж байсан бөгөөд тохиролцсон саналаа Монголбанкинд хүргүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй байдаг.
Хадгаламж банк тухай бүр Монголбанкинд үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа өгч ирсэн. Монголбанкны зүгээс 2013 оны дөрөвдүгээр сараас 2014 он хүртэл Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрөө сунгасан байснаа 2013 оны долдугаар сарын 18-нд гэнэт зогсоосон. Товчхондоо бол Хадгаламж банкийг доголдуулах үйл ажиллагаа 2013 оны долдугаар сарын дундаас эхэлсэн. Тухайлбал, 2013 оны долдугаар сарын 14-17-ний өдрүүдэд Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд оруулахын тулд Хадгаламж банкинд хадгалагдаж байсан Хөгжлийн банкны 35 тэрбум төгрөгийн хадгаламж, Өргөн хэрэглэгээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтэд зориулж Монголбанкнаас Хадгаламж банкинд байршуулж байсан 54 тэрбум зээлийг тус тус хугацаанаас нь өмнө татан авсан.
-Гэнэт л ингээд бужигнуулаад эхэлсэн юм уу. Монголдоо томдоо ордог байсан банк ийм амархан үйл ажиллагаа нь доголдох уу?
-Би дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл 90 орчим тэрбум төгрөгийн бэлэн мөнгийг Хадгаламж банкнаас татсан ч Хадгаламж банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 2013 оны долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар сайн хэвээрээ байсан. Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд орсон гэж хэлэх боломжгүй байсан тул улсын байцаагчийн 18-ны өдрийн актаар 23 төлбөр хариуцагчийн зээлийг муу ангилалд оруулж, Ш.Батхүүд хамаатуулан банкны эрсдлийн санг 146 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтоосон. Энэ 23 харилцагчийн зээлэнд Ш.Батхүүд хамааралгүй зээлүүд ч байдаг. Мөн зарим зээлийн хугацаа нь дуусаа ч үгүй байдаг. Энэхүү тавигдсан актад мөн Монголбанктай харилцан тохирч хэрэгжүүлж байсан дунд хугацааны хөтөлбөрт хамрагдаж байсан зээлүүдийг хугацаанаас өмнө гэнэт ангилж оруулсан.
146 тэрбум төгрөгийн эрсдлийн санг хууль бусаар бий болгосноор банкны үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн. Ингэснээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа алдагдаж нийт өөрийн хөрөнгө нь байвал зохих зохистой харьцаанаас хэд дахин дутах нөхцөл үүсгэсэн. Ингээд Хадгаламж банкийг өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй гэж үзэн эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авсан.
-Банкны үйл ажиллагаанд алдаа дутагдал гарчээ гэж Монголбанк дүгнэхэд заавал албадлагын арга хэмжээ авдаг уу. Үйл ажиллагааг нь сайжруулах, засч залруулах ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Өмгөөлөгчийн хувьд Хадгаламж банкинд хууль бусаар албадлагын арга хэмжээ авсан гэж үзэх хэд хэдэн асуудал байгаа. Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Жаст” групп Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн хурлын протоколд зарим төрийн албан хаагч ноцтой асуудал ярьсан байдаг. Тухайлбал,“... Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад Монголбанк болон Засгийн газрын түвшинд 2013 оны долдугаар сарын дунд үеэс тухайн асуудал яригдаж байгаа юм байна лээ. ...Жаст групп ХХК-ийн мэдэлд “Хадгаламж” банк байдаг.“ ...Хадгаламж банк ерөнхийдөө унаад сайн активыг Төрийн банкинд шилжүүлээд...”, “Шилжүүлнэ гэхээр яах юм бэ. Худалдаж авах юм уу. Юу гэсэн үг вэ. Хувийн банкийг тэгж болж байгаа юм уу?. “Тэгж болж байна. Танайх БЭТ томилох юм байна лээ” ... “ Төрийн банк бол цөөхөн салбартай, 200-300 ажилтантай байсан. Одоо 3000 гаруй ажилтантай болж байна. Тэгэхээр одоо ядаж л виза-гийн гишүүнээр элсээгүй байсан банк тэр том банкийг авч байгаа байхгүй юу ....” гэх зэрэг яриа тэмдэглэлд тусгагдсан байдаг. Эндээс үзвэл төрийн эрх бүхий албан тушаалтнууд Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэхээр урьдчилан тохирсон гэж үзэх эргэлзээ төрж байна. Энэхүү үйлдлүүд нь бодит нөхцөл байдал дээр биелэлээ олж эхэлсэн. Монголбанкнаас 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш томилогдох шийдвэр нь албажсан банкны эрх хүлээн авагч нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим тамга тэмдгээ захиалан хийлгэж авсан байдаг.
Хадгаламж банкинд хуульд заасны дагуу тодорхой хугацааны дотор үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Эрх хүлээн авагч нь хуулийн хугацаа тоологдож эхлээгүй байхад шууд 22-ны өдрөө банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкинд хүргүүлсэн байдаг.
Банкны эрх хүлээн авагчийн саналд нэгэн анхаарал татаж байгаа асуудал нь “банкны олон нийтэд хандсан үндсэн суурь бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээлд эзлэх байр суурь, банкны салбар, нэгжийн өргөн сүлжээ, хүний нөөцийн чадавх, техникийн болон үйл ажиллагааны технологи зэрэг нь салбартаа өрсөлдөхүйц хэмжээнд хэвээр хадгалагдаж байгааг үндэслэн банкны эрх хүлээн авах арга хэмжээний санал боловсрууллаа.” гэж, мөн “ ... нөлөө бүхий гурван банкинд шилжүүлэх боломжтой байсан боловч эдгээр банкууд нь тус банкны хөрөнгө шилжүүлэн авах санал ирүүлээгүйгээс...” гэж дүгнэсэнээс үзвэл Хадгаламж банкинд эцсийн шатны арга хэмжээг авах хууль зүйн нөхцөл бүрдээгүй. Харин Стандарт банкны зээлээр далимдуулан хүний бий болгосон хөрөнгөөр Төрийн банкийг томруулах сонирхол шууд харагдаж байна. 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу тэр өдрөө Төрийн банктай Хадгаламж банкны эрх хүлээн авагч Хадгаламж банкны актив хөрөнгийг шилжүүлэх гэрээг байгуулсан нь эргэлзээ төрүүлж байна. Нэг өдрийн дотор банкны эрх хүлээн авагч томилогдоод, банкийг албадан татан буулгах саналаа бэлтгээд, Монголбанкинд хүргүүлээд, Төрийн банкинд актив хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан нь цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй байна.
-Хадгаламж банкийг хууль бусаар төрийн мэдэлд шилжүүлсэн гэж үзэж байгаа бол үүний эсрэг та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Хадгаламж банкийг албадан төрд авснаар “Жаст” групп нь Хадгаламж банкинд оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 100 орчим сая ам.долларын эрсдэл хүлээсэн.
Банкны эрх хүлээн авагч нь Төрийн банкинд сайн актив шилжүүлээд муу активыг авч үлдсэн. Гэтэл банкны эрх хүлээн авагчийн зардалд Хадгаламж банкнаас бэлнээр авсан долоон тэрбум төгрөг, Ш.Батхүүгийн Хадгаламж банкны дүрмийн санд оруулсан 84 тэрбум төгрөг, зээлийн барьцаанд байсан хөрөнгүүдийг юунд, яаж зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна.