Англи, Уэльсын хууль зүйн туслалцааны зах зээл дэх үйлчлүүлэгчдийн гомдлыг шийдвэрлэх шинэ арга зам бий болгох, өрсөлдөөнийг дэмжих, зохицуулах, либералчлах зорилгоор Нэгдсэн вант улсын парламентаас 2007 онд Хууль зүйн туслалцааны актыг баталсан. Энэхүү акт буюу 29 дүгээр Бүлэг нь 9 хэсэг, 214 зүйлээс бүрдэх бөгөөд бүлэг, зүйлийн системчлэлтэй байна.
Энэхүү актаар Хууль зүйн туслалцааны зөвлөл, түүний чиг үүргийг тогтоох, тодорхой төрлийн хууль зүйн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах, Хууль зүйн маргаан таслах байгууллагыг байгуулах, хууль зүйн маргааны хүрээ хязгаар, агуулгыг тодорхойлох, өргөдөл, гомдлын менежментийн үйлчилгээ, цагаачлалын зөвлөгөө болон үйлчилгээг бий болгох, хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх хууль ёсны төлөөллийг бий болгох, Хууль зүйн мэргэжил болон хууль зүйн туслалцаа (Шотланд)-ны актын хэрэглээг тодорхойлох, Шотландын хууль зүйн туслалцааны омбудсманы талаар зохицуулах болон холбогдох бусад зорилгыг агуулсан болно.
Акт хүчин төгөлдөр болохоос өмнө Англи болон Уэльст хуульчдад зөвхөн дараах чиглэлээр ажиллахыг зөвшөөрдөг байв. Үүнд:
- Бие дааж эсвэл бусад солиситортой нэгдэж нөхөрлөл байгуулах замаар үйл ажиллагаа явуулдаг солиситорын үйл ажиллагаа,
- Бие даан үйл ажиллагаа явуулдаг барристерын үйл ажиллагаа,
- Ажил олгогчиддоо хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллах.
Энэхүү акт батлагдсанаар бизнесийн үйл ажиллагааны олон төрлөөр ажиллах боломжийг олгосон бөгөөд мэргэжлийн, менежментийн болон өмчлөгчийн түвшинд хуульч биш хүмүүс оролцох боломжтой болсон. Түүнчлэн Акт нь хууль зүйн туслалцааг үзүүлэх эрх бүхий этгээдүүдэд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудын тогтолцоог бий болгожээ.
Image from https://www.lawyer-monthly.com/2019/10/why-do-you-need-an-it-lawyer/